Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, аймгийн шүүхийн Тамгын газартай хамтран шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, хамтын үйл ажиллагаандаа анхаарах асуудлыг тодорхойлох зорилгоор уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтад Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчид, Шүүхийн Тамгын газрын алба хаагчид болон тус ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчид, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч нар тус тус оролцлоо.
Уулзалтаар 2023 онд шүүхээр хянан шийдвэрлэгдсэн эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэрийн биелэлтийг танилцуулж, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудлуудын талаар харилцан санал солилцлоо.
Энэ үеэр тус ангиас шүүхийн шийдвэрт шүүгч тус бүр улирлын мэдээ тайлан хүргүүлж, шүүхээс гаргасан шийдвэрт хяналт тавих боломжийг бүрдүүлэн ажиллахаар шийдвэрлэлээ.