“БИДНИЙ БАХАРХАЛ-ТҮҮХИЙН ЗАЛГАМЖ” АХМАД АЖИЛТНАА СОНСОХ, ДЭМЖИХ АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 100 жилийн ойг тохиолдуулан “Бидний бахархал-түүхийн залгамж” ахмад ажилтнаа сонсох, дэмжих аяныг Захиргааны удирдлагын газраас санаачлан зохион байгуулж байна.

Энэхүү аяны үндсэн зорилго нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өөрийн залуу нас, ажил амьдралаа зориулан түүхэн тодорхой цаг хугацаанд амжилт бүтээлтэй ажиллаж байсан ахмад ажилтнуудынхаа үйлс, алдар гавьяаг сурталчлан таниулахын зэрэгцээ тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодит тусламж, дэмжлэг үзүүлэх явдал юм.

Аяны хүрээнд байгууллагын хэмжээнд төрөл, мэргэжлийн албан тушаалд олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад ажилтны богино хэмжээний хөрөг нэвтрүүлэг, зурагт хуудсыг цувралаар бэлтгэн алба хаагчдад болон олон нийтэд хүргэж, эхэллээ.

Мөн хорт хавдартай, эмчилгээ хийлгэж байгаа нэр бүхий ахмад ажилтнуудад  мөнгөн тусламж, дэмжлэг үзүүлээд байна.

Ахмад буурлууд нь хойч үедээ сургааль захиасаа айлдаж, арвин их баялаг туршлагаа өвлүүлэн үлдээдэг, залуу үе нь ахмад үеэ хайрлан хүндэтгэж, байгуулсан гавьяа зүтгэлийг нь нэр төртэй үргэлжлүүлж, эргэх цагийн хэлхээ холбоо, залгамж халаатай явдаг уламжлалтай.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийг амжилттай хэрэгжүүлэх, салбарын хөгжлийг түүчээлэн, Монгол Улсын дотоод аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулсан ахмад буурлуудаараа үргэлж бахархан, хүндэтгэж явах учиртайг энэхүү аянаараа илэрхийлж байгаа юм.

Цаашид ахмад ажилтнуудын сургааль, зөвлөгөөг хойч үе болон одоо ажиллаж буй алба хаагчдад үлгэрлэн таниулж, бодит тусламж, дэмжлэг үзүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Back to top button